Сэтгэл зүйн зөвлөгөө гэж та сонсож байсан байх. Гэхдээ та "counselling" гэдэг үгийг сонсоод гайхаж байж болох юм. Тэгвэл энэ нь сэтгэл судлаачтай уулздаг зөвлөгөөнөөс юугаараа өөр юм бол?
Их Британи улс дахь хамгийн том төрийн үйлчилгээ бүхий 'Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ' -ний төв нь сэтгэл зүйн зөвлөгөө буюу 'Counselling' -г тодорхойлохдоо:
'Сэтгэл зүйн зөвлөгөө (counselling) гэдэг нь харилцан яриа дээр суурилсан сэтгэл засал юм. Ингэхдээ мэргэжлийн бэлтгэгдсэн сэтгэл засалч таны сэтгэлийг зовоосон асуудлыг сонсож, ямар аргаар, хэрхэн даван туулах арга замыг олоход тусалдаг' гэжээ [1].
Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө нь 'зөвлөгөө' гэдэг үг орсон байгаа ч танд "ингэ тэг, энийг хий" гэж юу хийх, ямар шийдвэр гаргахыг тань зааж, зөвлөгөө өгдөггүй билээ.
Сэтгэл зүйн зөвлөгөө танд яаж тусалж чадах вэ?
Хэрвээ танд дараах зүйл дээр тусламж хэрэгтэй байвал сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг авах нь тохиромжтой:
сэтгэл зовоосон шинж тэмдгүүдийг мэдрэх, жишээ нь, таагүй сэтгэл хөдлөл, мэдрэмж (стресс, уур, санаа зовинол, тайван бус байдал, гутранги үзэл мэдрэмж, нойргүйдэл) ихээр мэдрэх, ихээр анзаарагдах
биеийн эрүүл мэндтэй холбоотой таагүй мэдээ, нөхцөл байдал сэтгэлийн шаналалд оруулах. Жишээ нь та эсвэл таны дотно хэн нэгэн үргүйдэл, хүсээгүй жирэмслэлт, эсвэл хорт хавдар г.м хэцүү нөхцөл байдалд орсон. Энэ нь таны сэтгэл зүйд хүнд цохилт, шаналал болох
сэтгэлийн хямралд унагасан амьдралын томоохон өөрчлөлт болох. Жишээ нь үерхэл, хосын асуудал эсвэл салалт, ажил/хичээлтэй холбоотой стресс г.м.
өөрийгөө илүү сайн таньж ойлгохыг хүсч байгаа
сэтгэл хөдлөлөө удирдах арга техникүүд сурмаар байгаа
ямар нэг шийдвэрийг гаргаж чадахгүй эргэлзээд байгаа. Жишээ нь мэргэжил сонголт, карьер өөрчлөлт гэх мэт.
Сэтгэл судлаачтай уулзахаас ялгаатай юу?
Дээрх жишээнүүдийг уншаад та сэтгэл судлаач (psychologist)-ыг дотроо төсөөлж байж болох юм. Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө буюу 'counselling'-г зөвлөгөөний сэтгэл зүйч буюу 'counsellor/counselling psychologist', эсвэл сэтгэл засалч буюу 'therapist/psychotherapist' мэргэжилтэн өгөхөд илүү бэлтгэгдсэн байдаг [5]. Ялгаа нь юу вэ гэж үү?
Австрали улсын Deakin University их сургуулийн ахлах лектор багш, 'counselling psychologist' буюу зөвлөгөөний сэтгэл зүйч Dr Tristan Snell, гол ялгааг тайлбарлахдаа:
"Сэтгэл судлаач (psychologist) нь сэтгэл судлал дахь оношилгоо шинжилгээ, судалгааг онцгойлон судалсан мэргэжилтнүүд бөгөөд сэтгэл зүйн хүнд эмгэг асуудлуудтай хүмүүст түлхүү тусалдаг, туслах чадвартай"
"Зөвлөгөөний зөвлөх сэтгэл зүйч (counsellor) нь хүн-төвт, шүүмжлэлгүй арга барилтай ажилладаг буюу, тухайн хүнд онош тавьдаггүй, тухайн хүний онцгой нөхцөл байдал, хүсэл зорилгод хүрэхэд нь тусалж сэтгэл зүйн хөнгөн ба дунд түвшний асуудалтай хүмүүст түлхүү тусалдаг, туслахад бэлтгэгдсэн байдаг’ гэжээ [2]
Өөрөөр хэлбэл бүх сэтгэл судлаачид сэтгэл зүйн зөвлөгөө, засал хийж чаддаг, шаардлагатай байдаг гэсэн үг биш. Учир нь тэдний гол бэлтгэгдсэн зүйл нь сэтгэл зүйн эмгэгийг илрүүлэх, эмчлэх, судлах, сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө судалгааг практикт буулгах гэх мэт байдаг. Зөвлөгөө засал өгөх чадвар олгох нэмэлт сургалт training, ажлын туршлага шаардлагатай байдаг гэсэн үг юм [3].
Харин counsellor, therapist, counselling psychologist буюу сэтгэл зүйн зөвлөгөөний сэтгэл зүйч, сэтгэл засалч нь сэтгэл зүйн зөвлөгөө, засал хийхэд бэлтгэгдсэн, шаардлагатай мэргэжил юм. Ингэхдээ тухайн хүнийг шүүмжлэлгүй сонсох, empathy буюу сэтгэлээрээ ойлгох, зөвлөгөө, заслын ухааруулах, өөр өнцгийг харуулах асуулт тавих, сэтгэл хөдлөлтэй тулж ажиллах гэх мэт зөвлөгөө заслын чухал чадваруудыг сурсан, бэлтгэгдсэн байдаг [4]. Нарийн ялгааг тайлбарласан олон нийтлэлүүд байдаг [5] [2] [6] [7].
Сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн явагддаг вэ?
Энэ тухай дараагийн нийтлэлээр дэлгэрэнгүй сонирхуулъя.
Сэтгэл зүйн зөвлөгөө дараах байдлаар явагдаж болно:
ганцаарчлан биеэр уулзаж
бүлгийн зөвлөгөө, (хосын, гэр бүлийн, ангийн г.м)
утсаар ярьж (бүтэн 40-60 минут байх ба мэргэжлийн хүрээнд байх ёстой- найзууд шиг биш гэсэн үг)
онлайн сэтгэл зүйн зөвлөгөө (дүрс дуу сайтай Zoom эсвэл GoogleMeet ашиглан видео уулзалтаар мөн л мэргэжлийн хүрээнд)
Нэг удаагийн уулзалтаар та асуудлаа арай дээр ойлгож, даван туулах арга замаа олох боломжтой, эсвэл 2-5 удаагийн session-гүүд, бүр түүнээс ч удаан олон удаагийн уулзалтууд ч танд илүү үр дүнг өгч болох юм. Эцэст нь та сэтгэл зүйн зөвлөгөө авахад заавал сэтгэцийн эмгэгтэй, хүнд асуудалтай байх албагүй гэдгийг ойлгож авсан байх.