Энэ удаад хосын салалт дээр "The 7 stages of grief" гэх онолыг танилцуулж байна. Та салах ёсныхоо аль шатанд байна вэ?
'Grief' гэдэг үг монгол хэлэнд уй гашуу, гуниг, гашуудал гэж орчуулагддаг. Гашуудал гэхээр хэн нэгэн хорвоогоос халих үед мэдэрдэг мэдрэмж гэж та шууд бодож магад. Гэхдээ бид олон тохиолдолд уй гашуу гэх хүчтэй мэдрэмжийг авч салах ёс хийж болдог. Жишээ нь хосын салалт, ажлаасаа салах, таны амьдралд тохиолдож болох ямар ч төрлийн өөрчлөлтөд салах ёс хийх үе тохиож болно.
Хайртай хүнээсээ салах уй гашуу 'grief'
Хосын харилцаа дуусч салах үед танд тэр хүнээ алдах мэдрэмжээс гадна олон зүйлүүдийг алдаж буй мэт санагдаж болно. Жишээ нь:
сайн найзаа алдаж буй мэт (хэрэв хос тань таны хамгийн их цаг өнгөрөөдөг найз шиг тань байсан бол)
хамт төсөөлсөн ирээдүйгээ алдаж буй мэт (тэр хүнтэй хамтдаа гэр бүл бүтээж, хүүхэдтэй болно гэж төсөөлж байсан ирээдүй)
'найз охин/залуу' 'эхнэр/нөхөр' гэдэг identity нэрээ алдаж буй мэт
хамт тэжээвэр амьтан тэжээдэг байсан бол түүнтэйгээ дахиж уулзахгүй учир түүнийгээ алдаж буй мэт
дуртай кафе, номын сан, гудамжаа алдаж буй мэт (тэр л кафед хамт суудаг байсан дурсамж сэдрээд хэцүү байгаа учир дахиж тэр кафедаа сууж чадахгүй болж байгаа учраас)
гэх мэт ганц хүнээс хагацах бус тэр хүнтэй холбоотой олон зүйлүүдээс хагацаж буй учраас их гуниг, уй гашуу мэдрэх нь ойлгомжтой, хэвийн бөгөөд эрүүл байгалийн зүйл юм.
"The 7 stages of grief" - Салалтын 7 шат
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд "The 7 stages of Grief" буюу тавьж явуулах 7 шат- Салалтын 7 шат байдаг гэдэг [1]. Энэ нь хосын салалт дээр дараах байдлаар харагдаж болно. Та (эсвэл таны эргэн тойрны саяхан салсан нэгэн) аль шатанд явж байгаагаа өөрөөсөө асуугаарай.
1. Шок ба үгүйсгэл- "Найз залуу/охин маань надаас салах хүн биш! Надаас салж чадахгүй, буцаад удахгүй ирэх л ёстой, ирэх л болно" гэж итгэх.
2. Шаналал, өвдөлт, гэмшил- "Яагаад намайг орхиж явж байгаа юм бэ! Яагаад надад ийм хатуу хандаж байгаа юм! Би юуг буруу хийсэн юм болоо, би арай .... (дутагдлаа бодно) ... байж!
3. Уур бухимдал, 'хэрвээ' гэж тохиролцох- "Хэрвээ бид 2 буцаад нийлбэл би хамгийн сайнаар хичээнэ, ингэж өөрчлөгдөнө. Надад дахиад ганц л боломж өгвөл би арай өөр сайн байх болно"
4. Гуниг, гутрал- "Надад дахиж хэн ч хэрэггүй, надад дахиж хайр хэрэггүй, эсвэл би угаасаа хайрлагдахаар хүн биш, бүх хүмүүс намайг ойлгодоггүй, би таалагдахгүй байхаа, ингээд дуусаа би үүрд ганцаараа байна байх"
5. Бага зэрэг сэтгэл санаа сайжрах- "Салах хэцүү байлаа, гэхдээ ирээдүйд би илүү эрүүл үерхэл, хосын харилцаанд орох боломжтой. Намайг илүү дээр нэгэн хүлээж байгаа байх"
6. Өөрийгөө сайжруулах сэргээн босголт- "Салсан саяны үерхлийн туршлагаасаа надад сурсан сургамж юу байгаа вэ түүн дээрээ ажиллая. Би өөрийгөө засъя, сайжруулъя. Ирээдүйн эрүүл хосын харилцаандаа өөрийгөө бэлдье" гэж өөр дээрээ ажиллаж эхлэх.
7. Салалтаа хүлээн зөвшөөрч, ирээдүйн итгэл найдвар тээх- "Зөв (эрүүл сэтгэл зүй, эрүүл харилцааны хэв маягтай) хүн ирээдүйд гарч ирнэ, би тийм зөв эрүүл сэтгэлгээтэй хүнийгээ хайнаа, эсвэл над дээр иртэл нь зөв газраа хүлээнэ ээ" гэж итгэл найдвар өвөрлөж өөрийгөө эрүүл, зөв, бэлтгэлтэй байлгах.
Дээрх 7 шатаар бүх хүн ижил гардаггүй бөгөөд зарим шатыг алгасдаг хүмүүс байдаг. Эсвэл аль нэг шат дээр гацдаг ч хүмүүс байдаг. Гол нь салсны дараа танд ийм мэдрэмжүүд төрөх нь хэвийн, байгалиасаа төрдөг мэдрэмж гэж мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, өөртөө дасан зохицох хугацааг олгоорой. Хэрвээ та цаг хугацаа өнгөрсөн ч ганцаараа даван туулж чадахгүй байвал магадгүй танд тохирох сэтгэл зүйч, сэтгэл засалчийн тусламж авах нь салах ёс хийж 7 шатаа давж гарахад туслаж магад.
Та өөртөө аз жаргалын гормон даавруудаа ялгаруулах зүйлсийг хийж сэтгэл зүйн дархлаагаа дэмжээрэй.
Онолын гарал үүсэл
Дээрх "The 7 stages of grief" моделыг Америк-Швейцарийн сэтгэцийн эмч ЭElisabeth Kubler-Ross анх 1960-аад онд эмчилгээгүй хүнд өвчтөнгүүдтэй олон жил ажиллах үедээ уй гашуугийн 5 үе шатыг онцлон тэмдэглэжээ [2]. Түүнээс хойш түүний арга барилыг 7 үе шат болгон өргөжүүлсэн бөгөөд олон мэргэжилтэнгүүд өөр өөр байдлаар тайлбарлах нь байдаг. Хүн бүр салах ёс, гуниг, уй гашууг адилхан мэдэрдэггүй, гэхдээ эдгээр 7 үе шатыг ойлгох нь таны мэдрэх сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, даван туулахад тустай байж болно.
Мэдүүштэй юм байна. Баярлалаа.
Sonirholtoi l yum. Zuvluguu avahaar bol handanaa. Thank you.